
Орхон аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 48 дахь удаагийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр" ёслол төгөлдөр болж, төгсөгчид эрдэм боловсролын их өргөөнөөс амьдралын шинэ гараагаа эхлүүллээ.
Энэ жилийн төгсөлтийн баярт сургуулийн удирдлага, багш ажилтнууд, эцэг эхчүүд, төгсөгчид болон Жаргалант сумын Засаг дарга Л.Учрал, Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр, ЗДТГ-ын дарга Г.Баасансүрэн, Улаантолгой багийн Засаг дарга П.Барсболд, Дулаан-Уул багийн Засаг дарга Ч.Батсуурь нар оролцож, сурагчдын сурч боловсорсон он жилүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн баяр хүргэв.
Хонхны баярын хүрээнд тус хичээлийн жилд мэдлэг боловсрол эзэмшихийн зэрэгцээ урлаг, спорт, олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гарган сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, үеийн нөхдөдөө үлгэр дуурайл болсон багш, сурагчдыг шагнаж өргөмжлөл, жуух бичиг, дурсгалын зүйлсийг гардуулан ирээдүйн их үйлсэд нь амжилт хүслээ.
Эрдмийн их аянд шамдан суралцаж, мөрөөдөл зорилгодоо үнэнч байсан төгсөгчдөдөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, эх орон, төрлөх Жаргалант нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсролтой, бүтээлч иргэн болохыг хүсэн ерөөе. Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР.




